БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ХЭМ ХЭМЖЭЭ
Нэг: Нийтлэг үндэслэл.
1.1. Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын үндсэн зорилго нь төрийн албаны үйлчилгээний стандартыг хангуулах, холбогдох эрх зүйн актаар зайлшгүй дотоод журмаар зохицуулахаар заасан асуудлыг тусгаж, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахин, сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай ил тод, мэргэшсэн, тогтвортой албыг төлөвшүүлэх, албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж үр дүнтэй зохион байгуулахад оршино.
1.2. Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн тодорхой асуудлыг Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг үндэслэн хамтын гэрээ, хэлэлцээр, дотоод хэм хэмжээгээр зохицуулахаар тусгагдсан зүйл, заалт болон бусад хуулиар зохицуулагдаагүй асуудлыг энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
1.3. Дотоод журмын биелэлтэд байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны салбар зөвлөл хяналт тавина.
1.4. Энэхүү хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг байгууллагын ажилтан, албан хаагчид ёсчлон дагаж мөрдөнө.
Хоёр: Удирдлага зохион байгуулалт.
2.1. Ажиллагсад эрхэлсэн ажил, хариуцсан үүргийнхээ дагуу үйл ажиллагааныхаа гүйцэтгэл, чанар, үр дүнг дээд шатны даргын өмнө бүрэн хариуцна.
2.2. Байгууллага нь “Алсын хараа 2050”, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан ажлаа төлөвлөж, төрийн албан хаагчид нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хүрээнд ажиллана.
Гурав: Гүйцэтгэлийн удирдлага, түүнд тавих хяналт.
3.1. Төрийн албан хаагчдын төлөвлөгөөний гүйцэтгэлд дүгнэлт өгөх, санал авах, үр дүнг тооцох ажлыг төсвийн шууд захирагчийн томилсон үнэлгээний баг үнэлж, төсвийн шууд захирагч хянан дүгнэж, төсвийн ерөнхийлөн захирагч баталгаажуулна.
3.2. Ажиллагсад нь архив бичиг хэргийн стандартыг мөрдөж ажиллана.
Дөрөв: ЗДТГазрын дотоод ажлын зохион байгуулалт.
4.1. ЗДТГазрын нийт ажиллагсдын хурлыг хагас, бүтэн жилд хийж төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, дотоод хэм хэмжээний хэрэгжилт, хамт олны хуримтлалын сангийн зарцуулалтыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Тав: Ажил амралтын горим.
5.1. Үйлчлэгч нь байгууллагын өдөр тутмын цэвэрлэгээг 0700-0800 цагийн хооронд, их цэвэрлэгээг 7 хоногийн Баасан гараг бүрт тогтмол чанартай хийж гүйцэтгэнэ.
5.2. Ажиллагсад ажлын цагийг үнэлгээний төхөөрөмж болон цаасаар бүртгүүлж баталгаажуулна.
5.3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирэх боломжгүй тохиолдолд Засаг дарга, ЗДТГазрын дарга, цаг бүртгэгчид урьдчилан мэдэгдэнэ.
5.4. Үнэлгээний төхөөрөмж, цаасан бүртгэлийн цагийг тулгаж гарын үсгээр баталгаажуулан цагийн тооцоог гаргана.
5.5. Ажиллагсад гадуур ажиллах тохиолдолд цаг бүртгэгчид бүртгүүлж, хийсэн ажлын тайланг илтгэх хуудсаар удирдлагад танилцуулна.
5.6. Өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд, өвөө, эмээ хүндээр өвчилсөн, нас барсан, яаралтай эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, онош тодруулах шаардлагатай тохиолдолд ажлын 6 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.
5.7. Хөдөлмөрийн тухай хууль, ээлжийн амралт олгох зааврын дагуу шинээр ажилд орсон болон байгууллага хооронд шилжин ажилласан албан хаагч өмнө нь ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоог хийсэн байна.
5.8. Ажил олгогч нь ажилтны төрсөн өдрийг тохиолдуулан 1 өдрийн цалинтай чөлөө олгож болно.
5.9. Эмчийн магадлагааг үндэслэн зайлшгүй асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэл хоногийн цалинтай чөлөөг жилд 2 удаа олгоно.
5.10. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болох ба энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг байгуулан , цалинг 100 хувь олгоно.
5.11. Байгууллагын эрэгтэй ажилчдын эхнэр нь амаржсан тохиолдолд ажлын 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.
Зургаа: Хориглох зүйл.
6.1. Ажлын цагт албаны бус хувцас өмсөх.
6.2. Ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэдийг удаа дараа чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, шан харамж авах.
6.3. Албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд бүх төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх.
6.4. Галт болон хүйтэн зэвсэг /буу, хутга, сэлэм, зодооны хэрэгсэл г.м/, тэсэрч дэлбэрэх, пиротехникийн галт хэрэгсэл болон шатамхай бодис /шингэн цавуу, спирт, ахуйн хэрэглээний болон баллонтой газ, бензин/, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглах.
6.5. Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт, шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргах.
6.5.1. Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгох.
6.5.2. Байгууллагын удирдлага болон ажилтан, ажилтан хоорондоо үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр хүчирхийлэл үйлдэх/ зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах/
6.6. Хувь хүний болон байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг задруулах, өөр зорилгоор ашиглах.
6.7. Албаны компьютер, зургийн аппарат, флашинд хувийн мэдээлэл хадгалах.
6.8. Албаны бичиг хэргийн шүүгээ, сейфинд хувийн эд зүйл хадгалах.
6.9. Хүн, малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс ариутгал, халдваргүйтгэл хийгдээгүй эд зүйлс, дээж хадгалах.
6.10. Албан бус мэдээлэл тараах. /цахим болон амаар/
6.11. Төрийн албан хаагчид хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад үед гар утсаа унтраах
6.12. Төрийн албан хаагч нь шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил таслах.
Долоо: Талуудын харилцан хүлээх эрх, үүрэг.
1. Ажил олгогчийн хүлээх үүрэг:
7.1.1. Ажилтны албан тушаалын тодорхойлолт гаргаж заагдсан ажил үүргийг хэвийн явуулахад шаардагдах өрөө тасалгаа, бичиг хэргийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, заавар, зөвлөгөө өгөх.
7.1.2. Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэж буй ажилтанг биеэр нөхөн амруулаагүй тохиолдолд тухайн жилийн төсвийн хэмнэлтээс жилийн эцэст ажилласан цаг, үр дүнг үндэслэн 1 цагт ногдох илүү цагийг тооцох аргачлалаар бодож олгоно.
7.1.3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг хагас бүтэн жилээр хамт олны хуралд тайлагнана.
7.1.4. Онцгой нөхцөл болон зайлшгүй ажлын шаардлага гарснаас бусад үед ажилтныг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажиллуулахгүй байх.
7.1.5. Ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх замаар хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.
7.1.6. Ажлын байранд бэлгийн дарамт /шалиг үг хэллэг хэрэглэх, хүсээгүй байхад биед дүрэх/, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж, үл тэвчих орчныг бүрдүүлэн гарсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэж ажиллана.
7.1.7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн ажлын байраар хангах.
7.1.8. Ажилтны хувийн орон зай, эрх чөлөө, нэр төрд хүндэтгэлтэй хандах.
7.1.9. Цалин сангаас хамааран төрийн үйлчилгээний болон улс төрийн албан тушаалтны эзгүй байгаа сул орон тоог хавсран гүйцэтгэсэн албан хаагчдад тухайн албан тушаалтны цалингийн 40 хүртэлх хувиар цалинжуулна.
7.1.10. Албан тушаалын тодорхойлтод заагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг улиралд цалингийн санг харгалзан үндсэн цалингийн 40 хүртэл хувиар урамшуулна.
7.1.11. Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг улирал бүр үнэлж 40 хүртэл хувийн урамшуулал олгоно.
7.1.12. Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлыг сар бүр үнэлж, ур чадварын нэмэгдлийг 25 хүртэл хувиар тооцож олгоно.
7.1.13. Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа ажилтан, албан хаагч хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэмтэй танилцан гарын үсэг зурж гэрээ байгуулна.
7.1.14. Байгууллагын эцэг, эхийн зөвлөлийг байгуулан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллах, тайланг хагас бүтэн жилээр хамт олны хуралд тайлагнах.
2. Ажил олгогчийн эрх:
7.2.1. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлэх.
7.2.2. Ажилтнаас гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллахыг шаардах.
7.2.3. Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх эдлүүлж, хариуцлага хүлээлгэх.
7.2.4. Ажилтныг шагнаж, урамшуулах
3. Ажилтан, албан хаагчдын хүлээх үүрэг:
7.3.1. Цахилгааны уртасгагч нь ачаалал даахуйц 16А-аас дээш байх бөгөөд цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглаж дууссаны дараа ослын гэрэлтүүлгээс бусад төхөөрөмжийг хүчдэлээс бүрэн салгах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин биелүүлнэ.
7.3.2. Хууль эрх зүй, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд бие даан хууль тогтоомж, заавар журмыг судлах.
7.3.3. Эзэмшиж байгаа төрийн өмч хөрөнгө, техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглахгүй байх.
7.3.4. Ажилтан нь үнэнч, шударга, үр дүнтэй, бүтээлч хөдөлмөрлөх.
7.3.5. Хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэх.
4. Ажилтан, албан хаагчдын эрх:
7.4.1. Ажилтан нь аюулгүй орчин, эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн ажлын байр, хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах.
7.4.2. Хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх.
7.4.3. Хөдөлмөрөө үнэлүүлэх, шат дараалсан шагнал урамшуулал хүртэх, албан тушаал шатлан дэвших.
7.4.4. Ажилтантай холбоотой гомдол ирсэн тохиолдолд ажилтан нотлох баримтаа цуглуулж хариуцлага тооцуулах, эс тооцуулах асуудлыг байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, шаардлагатай тохиолдолд ёс зүйн хороо нь нэмэлт нотлох баримтыг ажилтнаас шаардаж дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд танилцуулах.
Найм : Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд болон албан
үүргээ биелүүлээгүй ажилтанд хүлээлгэх хариуцлага.
8.1. Төрийн албаны тухай хууль, ЗЗНДНТУТ хууль, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дотоод журмыг үндэслэн сахилгын шийтгэлийг ногдуулна.
8.2. Ажлаас халагдсан албан хаагчид шийдвэрт заасан хугацаанд ажлаа бүрэн хүлээлгэн өгөх үүрэгтэй.
8.3. Байгууллагын эд хөрөнгийг зүй бусаар үрэгдүүлсэн, завшсан ажилтан уг хохирлыг 100% барагдуулна.
8.4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон холбогдох дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичгийн биелэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд хууль журмын дагуу хариуцлага тооцно.
8.5. Энэ журмыг байгууллагын албан хаагчид бүрт танилцуулж гарын үсгээр баталгаажуулна.
8.6. Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааныг эхний ээлжинд байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Ес. Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах.
9.1. Хөдөлмөрийн дотоод журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зэрэг асуудлыг шаардлагатай тохиолдолд хамт олноор хэлэлцүүлэн ЗДТГазрын даргын тушаалаар баталснаар хууль, эрх зүйн акт болон мөрдөгдөнө.
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗАР СУМЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОРООНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР
Нэг. Ерөнхий зүйл.
1.1. Энэхүү хамтын гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад эрх зүйн харилцаанд нийцүүлж ЗДТГазрын нийт ажилчдын хоорондын харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг мөн.
1.2. Хамтын гэрээнд нийт ажилчдын эрх ашгийг хамгаалж ЗДТГазрын үйлдвэрчний эвлэлийн хороо хуулийн этгээд болж оролцоно.
1.3. Уг гэрээг 2022 оны 03 дугаар сарын 23-ноос 2023 оны 03 дугаар сарын 23 хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж ажиллахаар гурван талаас тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулна.
1.4. Хамтын гэрээг байгуулах, шинэчлэх, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах зэрэг асуудлуудад гурван талт этгээд адил тэгш эрхтэй, санаачилгатай оролцож шийдвэрлэн ажиллана.
1.5. Энэхүү хамтын гэрээнд ЗДТГазрын удирдлагууд, ЗДТГазрын үйлдвэрчний эвлэл Тэргүүлэгчид, сумын Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Хоёр. Шагнал урамшуулал, дэмжлэг үзүүлэх талаар.
2.1. Ажилчид шинээр гэр, орон сууц барих, гэр бүл болох тохиолдолд 1 удаа 300000 хүртэл төгрөгийг хамт олны хуримтлалаас, байгууллагын төсвөөс 200000 хүртэл төгрөгийг нийт 500000 төгрөг, шинэ хүүхэд төрөхөд 100000 төгрөгний хүндэтгэлийг хамт олны хуримтлалаас зарцуулна.
2.2. Туршлага судлах, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж аялал зугаалга зохион байгуулах, шинээр гэр, орон сууц барих, гэр бүл болох, хүүхэд мэндлэх, ажилтан өөрөө буюу үр хүүхэд, эхнэр, нөхөр, өөрийн болон гэр бүлийн хүний өвөө, эмээ, эцэг эх, төрсөн ах, эгч, дүү хүндээр өвчилсөн болон нас барсан, ажлын хувцас зэрэгт зарцуулахаар сар бүрийн цалингаас 10000 төгрөгийн хуримтлал үүсгэх ба хуримтлалыг хагас жилээр хугацаатай хадгаламж болгож, хагас, бүтэн жилээр зарцуулалтыг хамт олонд тайлагнана.
2.3. Туршлага судлах, ажилчдын нормын хувцасны хангалт, эрүүл мэндийг хамгаалахад сумын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хуримтлалаас дэмжлэг авна.
Гурав. Буцалтгүй тусламж, чөлөө олгох.
3.1. ЗДТГазрын ажилтан өөрөө буюу үр хүүхэд, эхнэр, нөхөр, өөрийн болон гэр бүлийн хүний өвөө, эмээ, эцэг эх, төрсөн ах, эгч, дүү хүндээр өвчилсөн болон нас барсан тохиолдолд тухай бүр албан хаагчдаас тэнцүү хувааж 200000 төгрөг, төсвөөс 200000 төгрөг нийт 400000 төгрөгийн тусламж үзүүлнэ. Хамаатан садны холбоотой хэд хэдэн хүн тус байгууллагад ажилладаг бол тусламжийг давхардуулан олгохгүй. Ээлжийн амралттай байх хугацаанд дархлаагаа сайжруулах зорилгоор эмнэлэгт хэвтсэн тохиолдолд олгохгүй.
Дөрөв. Ажилчдын нийгмийн асуудлыг зохицуулах.
4.1. Байгууллагын ажилчдыг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, ирж очих унааны зардлыг байгууллагын төсвөөс гаргана.
4.2. Байгууллага нь ажилтны эрүүл мэндэд анхаарч биеийн тамир, спорт, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжийг олгож, дэмжлэг үзүүлнэ.
4.3. Ажилтан өрхийн орлогоо нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, туслах аж ахуй эрхлэх зэрэг бусад нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд ажлын 10 хоногийн цалинтай чөлөөг ажилтны өөрийн хүсэлтээр хэсэгчлэн олгоно.
Тав. ЗДТГазрын үйлдвэрчний эвлэлийн хороонд
дэмжлэг үзүүлэх талаар.
5.1. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилчдын дунд сургалт сурталчилгаа явуулахад байр, техник хэрэгслээр хангаж ажиллана.
5.2. Хөдөлмөрийн явцад үүссэн маргааныг шийдвэрлэхэд ажилчдыг төлөөлж үйлдвэрчний салбар хороо, сумын Үйлдвэрчний эвлэлийн хороо, ЗДТГазрын захиргаатай хамтран хэлцэл хийж асуудлыг шийдвэрлэнэ.
Зургаа. Бусад.
6.1. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд байгууллагын ажилчдаас оруулсан татварыг хамтын гэрээнд зааснаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
6.2. ЗДТГ-ын ажилчдаас үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд төвлөрүүлсэн татварын зарцуулалтыг жилд 1 удаа ажилтан, албан хаагчдад тайлагнах.
2022-11-04 15:40:47